КОП17 ЭХЛЭХЭД 57 ХОНОГ ҮЛДЛЭЭ: МОНГОЛ УЛС БЭЛТГЭЛ АЖЛАА НЭГДСЭН УДИРДЛАГААР ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
- Jun 20
- 2 min read

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдана. Дэлхийн улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгэм, хувийн хэвшил, хүүхэд, залуучууд болон малчдын төлөөллийг нэгтгэх тус хурлын бэлтгэл ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
КОП17-ын бэлтгэл ажлыг үндэсний хэмжээнд уялдуулан зохион байгуулах Үндэсний хороо, чиг үүргийн 12 дэд хороо түүний ажлын алба гэсэн бүтэцтэйгээр нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллаж байна. Дэд хороод нь бодлого, төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагаа, өндөр түвшний зочид төлөөлөгчдийн оролцоо, бүртгэл, виз, аюулгүй байдал, дэд бүтэц, бүтээн байгуулалт, тээвэр, үйлчилгээ, хүнсний хангамж, зочид буудал, соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, Цэнхэр болон Ногоон бүсийн зохион байгуулалт зэрэг үндсэн чиглэлийг хариуцаж байна.
2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр КОП17-ыг зохион байгуулах Ажлын албаны ээлжит “Cop time” шуурхай хурлыг хурлын бүтээн байгуулалтын талбайд зохион байгууллаа. Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир даргалж, Ажлын алба болон 12 дэд хорооны төлөвлөгөө, ажлын явц, гүйцэтгэл, тулгамдсан асуудалтай танилцав.
Цаашид “Cop time” хурлыг долоо хоног бүрийн бямба гарагт бүтээн байгуулалтын талбайд зохион байгуулж, дэд хороо бүр ажлын төлөвлөгөө, биелэлтээ долоо хоногоор тооцон, хугацаатай ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.
Өнөөдрийн байдлаар 12 дэд хорооны ажлын төлөвлөгөөний биелэлт 21–98 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэлийн хувь харьцангуй бага байгаа зарим дэд хорооны ажил нь бүтээн байгуулалт дууссаны дараа эхлэх үе шатны үйлчилгээ, тохижилт, тоноглол, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний хороо 16 удаа, дэд хороод нийт 73 удаагийн хуралдаан зохион байгуулж бүртгэл, оролцогчдын зохион байгуулалт болон салбар хуралдааны төлөвлөлтийн ажлыг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй хангаад байна. Хурлын талбайн үндсэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн дууссан бөгөөд дараагийн шатны түр байгууламж, тохижилт, техник, үйлчилгээний бэлтгэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Олон улсын төлөөлөгчдийн бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны долоодугаар сарын эхээр оролцогч улс орнууд болон өндөр түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн илүү тодорхой болох юм.
Эх байгалиа сэргээе
Итгэл найдвараа бадраая






Comments